МОНГОЛ 93 НЭГДЭЛ | ТRI 1991, 1993 — Булган, Ховд, Хэнтий аймаг хамтран зохион байгуулна
"СПОРТЫН III НААДАМ"-ЫН УДИРДАМЖ
Хэрэв файл харагдахгүй бол энд дарж шинэ цонхонд нээнэ үү.
НЭГ. ЗОРИЛГО
Монгол Улсын хэмжээнд 1991, 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн үе тэнгийнхнийг нэгтгэн танилцуулах, нөхөрлөлийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлан хөгжүүлэх, спортоор дамжуулан харилцан хүндлэл, нөхөрсөг харилцаа, эв нэгдлийг бэхжүүлэх, мөн спортын төрөл тус бүрийн шилдэг баг, тамирчдыг шалгаруулахад энэхүү арга хэмжээний зорилго оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
Спортын III наадамд Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын дараах дүүргүүдийн 1991, 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн төлөөлөл оролцоно.
Аймгууд
| 1. Архангай | 8. Дорнод | 15. Сүхбаатар |
| 2. Баян-Өлгий | 9. Дундговь | 16. Төв |
| 3. Баянхонгор | 10. Завхан | 17. Увс |
| 4. Булган | 11. Орхон | 18. Ховд |
| 5. Говь-Алтай | 12. Өвөрхангай | 19. Хөвсгөл |
| 6. Дархан-Уул | 13. Өмнөговь | 20. Хэнтий |
| 7. Дорноговь - Говьсүмбэр | 14. Сэлэнгэ |
Нийслэлийн дүүргүүд
Дүүргүүд одоогийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар баг бүрдүүлж оролцоно.
| 1. Баянгол | 3. Баянзүрх | 5. Сүхбаатар |
| 2. Чингэлтэй | 4. Хан-Уул | 6. Сонгинохайрхан |
Багахангай, Багануур, Налайх 1 баг болгож орохыг зөвшөөрнө.
ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР
- Спортын III наадам БУСО-д 2026 оны 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
- Техникийн зөвлөгөөн 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монголын үндэсний олимпын хорооны хурлын танхимд 14:00 цагт болно. Техникийн зөвлөгөөнд нэг багаас 1–3 хүн оролцоно.
- Тамирчдын урьдчилсан мэдүүлгийг 8 сарын 2-ны дотор Bayraadorj.76@gmail.com хаягаар илгээнэ.
- Эцсийн мэдүүлгийг техникийн зөвлөгөөн дээр цаасан хэлбэрээр багийн ахлагч авч ирнэ.
ДӨРӨВ. САНХҮҮ
Оролцогч аймаг, нийслэлийн дүүрэг тус бүр тэмцээнд оролцох эрхийн хураамж болох 6,000,000 (зургаан сая) төгрөг-ийг дараах хуваарийн дагуу төлнө.
- 2026 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлбөрийн 50 хувийг;
- 2026 оны 8 дугаар сарын 1-ний дотор үлдсэн 50 хувийг төлнө.
- Оролцох төрлийн тооноос үл хамааран тэмцээнд оролцох эрхийн төлбөр 6,000,000 төгрөгийг бүрэн төлнө.
Төлбөрийг Б.Баярхүүгийн Хаан банк дахь 5224338438 (48000 500) дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээний утгад аймаг, дүүргийн нэрийг тодорхой бичнэ.
ТАВ. ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ
- Тэмцээний багийн нийлбэр дүнг спортын төрөл тус бүрийн эзэлсэн байрыг бага онооны системээр тооцож гаргана. Нэгдсэн дүнгээр тэргүүлсэн багийг Спортын III наадмын аваргааар шалгаруулж шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнана.
- Багуудын нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд алт, мөнгө, хүрэл медалийн тоо, чанарыг дарааллаар нь харгалзан үзнэ. Хэрэв дахин тэнцвэл эмэгтэй баг, тамирчдын үзүүлсэн амжилтыг үндэслэн эцсийн дүнг гаргана.
- Тэмцээний спортын хувийн төрлүүдэд орж байгаа тамирчид багийн мэдүүлэгтээ алба буюу хувиараа оролцож байгаагаа заавал тодотгон бичнэ.
ЗУРГАА. ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Спортын III наадмыг Булган, Ховд, Хэнтий аймгийн хамтарсан зохион байгуулах ажлын хэсэг удирдан зохион байгуулна.
- Спортын төрөл тус бүрийн тэмцээнийг Монголын холбогдох спортын холбоодын мэргэшсэн шүүгчид дүрмийн дагуу шүүн явуулна.
- Аймаг болон дүүргүүд нээлтэнд жагсаж орж ирэх үед багийн пайзыг барих охидууд нутаг орны онцлогийг харуулсан хувцас, өмсгөлтэй байна.
ДОЛОО. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Баг, тамирчид тэмцээний үеэр ёс зүйтэй, найрсаг харилцааг эрхэмлэн оролцоно.
- Маргаан, үл ойлголцол үүсгэхгүй байхыг багийн ахлагч нар хариуцна.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн тамирчныг тэмцээнд оролцуулахгүй.
- Баг бүр спортын нэгдсэн хувцас, шаардлагатай спортын хэрэгсэлтэй байна.
- Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн багц болон эмч, эсвэл эмнэлгийн ажилтан дагалдан ирэхийг зөвлөж байна.
НАЙМ. ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
8.1. Сагсан бөмбөг
- Баг тус бүр 10 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Тоглолтын систем, сугалаа, тоглолтын цагийн хуваарийг 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагт болох техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн батална.
- Тоглолт 2 үеэр явагдах бөгөөд бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.
- Урьдчилсан ба хасагдах шатны тоглолтууд эрэгтэй бохир 7 минут, эмэгтэй бохир 6 минутаар 2 үеэр явагдана. Сүүлийн 1 минут нь цэвэр.
- Хагас шигшээ болон шигшээ тоглолтууд сүүлийн 1 минут нь цэврээр явагдана.
8.2. Волейбол
- Баг тус бүр 15 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
Тамирчдын оролцоог жигд хангах зорилгоор:
- I үед үндсэн 6 тоглогч, 1 сэлгээний тоглогч, 1 чөлөөт хамгаалагч буюу нийт 8 тамирчин оролцоно.
- II үед I үед тоглоогүй өөр 6 үндсэн тоглогч, 1 сэлгээний тоглогч, 1 чөлөөт хамгаалагч буюу нийт 8 тамирчин оролцоно.
- Хэрэв тоглолтын харьцаа 1:1 болсон тохиолдолд III үед I, II үед тоглосон тамирчдаас багийн дасгалжуулагчийн сонголтоор бүрдүүлсэн шилдэг бүрэлдэхүүн тоглоно.
- Чөлөөт хамгаалагч бүх үед оролцохыг зөвшөөрөх бөгөөд түүний өмсгөлийн өнгө багийн бусад тоглогчдын хувцаснаас ялгаатай байна.
- Тоглолтын систем, сугалаа болон бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
- Багууд тэмцээний явцад тоглолт бүрт бүрэлдэхүүнээ өөрчлөн оролцуулж болно.
- Маргаантай асуудал гарсан тохиолдолд зөвхөн багийн ахлагч шүүгчтэй харилцах бөгөөд эцсийн шийдвэрийг I шүүгч гаргана.
8.3. Дартс
- Баг бүрээс 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин оролцоно.
- Холимог хосын төрлөөр нийт 2 багийн 4 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
- Багуудын оноолтыг тэмцээний ерөнхий шүүгч тэмцээний өмнө NAKKA.COM систем ашиглан хийнэ.
- Тоглолт нь легийн хожлоор, лег нь 501 онооноос хасч 2-ын үржвэрээр тэглэнэ. Багууд 45 сумаар тоглолтыг дуусгаж чадаагүй тохиолдолд 46 дахь сумыг бухын нүдэнд ойрхон оносон баг хожлыг авна.
- Хэсгийн болон хасагдах шатны бүх тоглолтууд түрүүлж 3 хожлоор явагдана.
- Тоглолтыг шүүлтийн программын дагуу эхэлж шидэх багийн тамирчин "бух"-нд түрүүлж шиднэ. Сум унасан тохиолдолд дахин шиднэ. Тоглолтыг "бух"-нд хэн ойрхон оносон баг нь эхлүүлнэ.
- Тоглолт зарласан хугацаанаас хойш 10 минутын дотор тоглох багийн аль нэг тамирчин хүрэлцэн ирээгүй тохиолдолд тоглолтыг тэглэж эсрэг талд нь хожлыг олгоно. 2 баг хоёулаа бэлэн бус тохиолдолд дараагийн багуудын тоглолтыг эхлүүлнэ.
- Тухайн легийн тоглолтод хоёр багийн тамирчдын шидэлтийн дарааллыг өөрчлөхгүй ба багийн тамирчид шидэх дарааллаа өөрчилсөн эсвэл нэг багийн тамирчин дараалж шидсэн тохиолдолд эсрэг багт легийн хожлыг өгнө.
- Оролцох тамирчид сум болон бусад дагалдах хэрэгслээ өөрсдөө бэлтгэн авчирна.
8.4. Шатар
- Баг бүрээс 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин оролцоно.
- Тоглолтын систем, цагийн хяналт болон бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн батална.
- Тамирчид өөрсдийн шатар, цаг (шаардлагатай тохиолдолд)-аа авч ирнэ.
8.5. Ширээний теннис
- Ширээний теннисний тэмцээнийг ганцаарчилсан болон дан хосын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна.
- Баг тус бүрээс 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин оролцоно.
- Дан хосын төрөлд эрэгтэй хос, эмэгтэй хос тус бүр нэг багийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
- Тоглолтыг 11 оноогоор, 3 үеэр явуулах бөгөөд түрүүлж 2 үе хожсон тамирчин, эсхүл хос багийг ялагчаар тодруулна.
- Тоглолтын систем, сугалаа болон бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
ЕС. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
- Спортын төрөл тус бүрт амжилттай оролцон эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдад өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, мөн тусгай байр эзэлсэн баг тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнана.
- Сагс болон волейболын төрлийн тамирчдаас шилдэг тоглогчдыг шалгаруулж тусгай шагнал гардуулна.
- Багийн нэгдсэн нийлбэр дүнгээр тэргүүлсэн аймаг, дүүрэгт шилжин явах цом, өргөмжлөл болон мөнгөн шагнал гардуулна.
ХОЛБОО БАРИХ
- М.Болдсайхан — 99158071
- Тамирчдын мэдүүлэг — Bayraadorj.76@gmail.com
МОНГОЛ 93 НЭГДЭЛ | ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ — БУЛГАН, ХОВД, ХЭНТИЙ АЙМАГ